Судлаач ба Судалгааны "Хийсвэр" хандлага

 
Их сургууль бол ерөнхийдөө академик буюу онолын чиглэлээр боловсрол олгох үүрэгтэй байгууллага юм. Харин практик талын ур чадвар ба мэдлэгийг оюутнууддаа өгөх нь тийм ч чухал биш. Бүр алба байхгүй. Оюутнууд өөрсдөө практикыг эзэмших ёстой бөгөөд үүний тулд юун түрүүнд онолын мэдлэгтэй байх ёстой. Иймд онолын мэдлэгийг нэн тэргүүнд тавих учиртай. Хэрэв онолын мэдлэггүй бол түүнийгээ практик дээр хэрэгжүүлнэ гэж найдаад ч хэрэггүй юм. Та "Хүний Нөөц" аль эсвэл ямар нэгэн байгууллагуудын зохион байгуулдаг сургалтуудын талаарх мэдээлэл, зар сурталчилгааг анзаарсан бол онол 20%, практик 80% гэсэн агуулга явж байдаг. Энэ бол маркетинг юм л даа. Сургалтанд хэзээ ч 80% практик заана гэж байхгүй, эс бөгөөс 80% практик гэх нь өөрөө онол байдаг. Яагаад ийм зар сурталчилгаа явах болов? Хариулт нь маш энгийн. Хүмүүс онолд дургүй байдаг. Онол гэхлээр нөгөө оюутнууд нь "үхлээ, хатлаа" гээд толгойгоо гудайлгадаг. Үүнд ямар ч сонирхол байдгүйгээс болж нөгөө зар сурталчилгаа нь дээрх байдалд хүргэж байгаа юм. Хүмүүс яагаад онолд дургүй байдаг вэ? Ер нь хүмүүсийн суралцах хэв маяг нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Зарим оюутнууд олж авсан мэдлэгээ өнөөх практик дээр шууд туршихыг хүсдэг бол нөгөө хэсэг нь удаан хэмнэлээр суралцах, аль эсвэл бага мэдээллийг олон давтамжтайгаар хүлээж авах хандлагатай байдаг гэх мэт хэв маягууд нь ялгаатай байхаас гадна эдгээр сурах арга барил нь сургуулийн өмнөх үе болон бага ангид төлөвшдөг.
Ямартай ч гол санаа бол их сургуулийн хүрээнд бид онолын мэдлэгийг хангалттай эзэмших ёстой бөгөөд үүний тулд онолыг суурийг тавьдаг судалгаандаа бас анхаарах ёстой. Миний хувьд судалгааны тал дээрээ хангалттай сайн туршлагагүй хэдий ч өөрийн хэдэн жилийн турш хуримтлуулсан туршлага, мэдлэг, үзэл бодлоо дараах байдлаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ:
  1. Бид бол судлаач. Аливаа мэргэжил бүрт тэр зүйлийн эсвэл түүний тухай судлал гэж их сургуульд тэнхим бүрийг тэгэж нэрлэдэг. Жишээ нь, сэтгэл судлал гэх мэт.
  1. Судлаач хүн яг л хүүхэд шиг цаг үргэлж яагаад? гэдэг асуултыг тавьж байх хэрэгтэй. Та аль нэг зүйлийн талаар унших тусам түүний талаар яагаад вэ, яагаад ийм байгаа вэ, үүний учир нь юу вэ гэх мэт сониуч зан тань хөдөлж таныг энэ талаар судалж мэдье гэсэн сэдлийг төрүүлэх учиртай. Мөн аналитик хүн буюу бүхэл зүйлийг хэсэгчилж, гүн гүнзгий задалж ойлгодог хүмүүс судалгаандаа ул суурьтай ханддаг.
  2. Бүтээлч сэтгэлгээ буюу бусдыг дууриахгүй байя. Та хэсэг хугацаанд судалгааны шинэ санаа төлөөд үз дээ (5-10мин). Таны төсөөлөл хэн нэгний өмнө хийгдэж байсан ажлыг санагдуулж байна уу? Тийм бол энэ бүтээлч сэтгэлгээ биш, зүгээр л таны нэмж ургуулан бодсон төсөөлөл аж. Иймд өөр нэгэн оронд явуулсан туршилт, хэн нэгний удирдсан судалгааг та дууриаж хийж болох ч үүний ач холбогдол, шинэлэг тал нь юу байна вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
  3. Судалгааны эхлэл буюу оршил хэсэг. Судлах зүйлээ сайн тодорхойлох учиртай. Үүнд субьектив нөлөөлөл оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тухайлбал, өөрийн таамгаа дэвшүүлэхдээ "Ийм л үр дүн гарах ёстой" гээд тэр нь няцаагдах ёсгүй мэт бодож болохгүй. Миний бодлоор энэ хэсэг нь эргээд судалгааны үр дүн ба дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг сүүлийн хэсэгт авч үзье.
  4. Сүүлийн хэсэгт бид үр дүн ба дүгнэлтээ гаргана. "Судалгааны үр дүнг ямар гаргамаар байна тэгэж л гарна" гэдэг үгийг байнга санаж яваарай. Судлаач хүн өөрийн бодол санаа ба бодит байдал хоёрын дундыг барьж судалгаа явуулахгүй бол таны үр дүн ба дүгнэлтэнд таны итгэл үнэмшил шингэсэн байхыг мэдрэх болно. Энэ бол аюултай.
Дээрх санаа бол судалгааны ажлын дэс дараалал ба ач холбогдлын тухай бичсэн болно. Харин дараа нь сэтгэл судлалын судалгаа гэсэн нарийвчилсан мэдээллийг хуваалъя. Гэхдээ сэтгэц оношилгоо ба сэтгэл судлалын судалгаа хоёр ямар ялгаатай эсэхэд та эргэлзэж байж магадгүй юм. Сэтгэц оношилгоо бол тухайн хүний сэтгэцийг илрүүлэх практик ач холбогдолтой байдаг бол сэтгэл судлалын судалгаа нь акадамик зорилготой байдаг.
  1. Бусад салбарын судалгааны ажлыг хэрхэн явуулдаг талаарх нарийвчилсан мэдээллийг би мэдэхгүй юм. Харин сэтгэл судлалын судалгааг интернетээр явуулах нь учир дутагдалтай хэрэг. Учир нь бид анги, танхимын хүрээнд анкет болон асуулгын аргаар бичгийн хэлбэрээр судалгаа авлаа гэхэд судалгаанд оролцогчдыгоо хэрхэн оролцож байгааг хянах ёстой. Дараа нь асуулт асууж бусдадаа төвөггүй удуулахгүйн тулд судалгаа эхлэхээсээ өмнө зааварчилгаагаа маш тодорхой өгсөн байх ёстой. Тэгтэл сүүлийн үед ямар ч зэрэг цолтой судлаач эсвэл оюутнууд эрдмийн ажлаа интернетийн ард суугаад хийдэг болчиж. Ялангуяа "Survey Monkey", "Google Survey" гэх мэт нийгмийн сүлжээгээр хэдэн холбоос шидэж өгөөд "алив судалгаанд минь оролц !" гэдэг болжээ. Энэ явдал одоогоор багш нараар шүүмжлүүлэхгүй хэдий ч дахиад 3-5 жилийн дараа асуудал болгож хүмүүс ярих болно. Ямартай ч эдгээр нийгмийн сүлжээ сайтууд нь сэтгэл зүйн судалгаанд зориулагдаагүй гэж найдахаас.
  2. Субьектив нөлөө. Та өөрөө судалгаандаа дундын байр сууринаас хандахгүй бол таны хүссэн үр дүн гарна гэдгийг дээр бичиж анхааруулсан. Мөн үүнээс гадна проектив тестэнд найдана гэдэг их хэцүү. Проектив төрлийн тестүүд обьектив ертөнцийн субьектив тусгалыг харуулдаг гэж байгаа ч өөрөө дэндүү субьектив шинжтэй. Жишээ нь, ТАТ, Роршахын бэхэн толбоны тестийг удирдаж байгаа судлаач үр дүнгээ гаргахдаа судлуулагчийг биш, харин өөрийнхөө тухай оношилсон байдаг гэж хэсэг анти-проективистүүд үздэг. Энэ мэт төрлийн тестийг удирдаж буй үнэхээр л өөрийн итгэл үнэмшлээр сэтгэл зүйн судалгаагаа явуулах гээд байдаг дутагдалтай.
  3. Ухамсаргүйн оюун ухааныг хэмжиж болдог гэж үү? Тийм байсан ч "Таны ухамсаргүйн оюун ухаанд тэр зүйл эсвэл тэр үйл явдал нөлөөлсөн үү?" гэдэг асуулгаар ухамсаргүйн тухай баримт илэрдэггүй юм. Нөгөөх хүн нь асуултандаа "тийм, нөлөөлсөн" гэж хариулж байгаа шиг худал зүйл гэж үгүй шүү судлаач нар аа! Энэ яг коффены тухай зар сурталчилгааг санагдуулчихлаа. Коффены тухай хүмүүсийн сэтгэгдэл их сайн байж л дээ. Тэгтэл борлуулалт нь муу хэвээрэй байсан. Харин нарийн судлаад үзэхэд хэрэглэгчдийн бүр гүн дэх ухамсарт өнөөх явуулсан сурталчилгаа нь та нарын хэрэглэж буй коффег зөвхөн гэрийн "авгай" нар хэрэглэдэг юм гэсэн санааг өгчихсөн байсныг сүүлд мэдээд энэ хандлагаа өөрчилснөөр борлуулалт сайжирсан юм. Яг үүнтэй л адилхан шүү дээ.   
  4. Судалгааны боловсруулалтыг тоон ба чанарын гэж ангилдаг. Тоон боловсруулалтанд таны арифметик дунджыг олсон тоо, процентыг гаргасан байдал ба тэдгээрийгээ MS office-н "Bar, Chart, Diagram"-д оруулах нь тун хангалтгүй. Өмнө нь тоон боловсруулалтанд математик статистикын аргачлал ба томъёог ашиглаж гар аргаар боддог байсан бол орчин үед "SPSS" хэмээх программ гарсанаар дурын хүн судалгааны боловсруулалтаа чанартай гаргах боломж олдсон юм. Энэ программыг ашиглаж нарийн боловсруулалтыг хийхгүй бол манайд болдог юм гэхэд гадаадад лав таны судалгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг санаарай.
За тэгээд судлаач нартаа амжилт хүсье. Миний зөвлөгөө танд туслана гэж найдаж байна. Хүн мэдэж байгаагаа нуувал үнэн мэдлэг биш, бусадтай хуваалцаж байвал сургалтын жинхэнэ үр ашиг мөн юм.

Л. Энхтүшиг

Стэйнфордын “Зөөлөн чихрийн туршилт”


1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үед Стэйнфордын их сургуульд сэтгэл зүйч Волтер Мисчелийн /Walter Mischel/ удирдлага доор нэгэн сэтгэл зүйн туршилт хийгджээ. Энэ нь хожим “Стэйнфордын Зөөлөн чихрийн туршилт” гэдгээрээ алдаршсан хүүхдийн биеэ барих чадвар, өөрийгөө удирдах, хянах чадварыг судлах оновчтой нэгэн арга байв. Туршилтанд оролцогсод нь 4-өөс 6н насны бяцхан хүүхдүүд байсан бөгөөд тэднийг ширээ сандалаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулаад урд нь нэг зөөлөн чихэр тавиад /15 минут/ идэлгүй хүлээвэл дахин нэг чихрээр шагнана гэж хэлээд хаалгыг хаагаад гарчээ.

Уг туршилтанд нийт 16 эрэгтэй, 16 эмэгтэй хүүхэд буюу нийт 4-6 насны 32 хүүхэд оролцсоноос үр дүнд нь бүх хүүхдүүдийн гуравны нэг хувь нь л 15 минут идэлгүй тэсч, хүлээж чадсан бөгөөд шагналд нь хоёр чихэр идсэн байна. Харин гуравны хоёр хувь нь чихрийг өгсөн даруйд нь юм уу эсвэл бага зэрэг хүлээгээд л тэсэлгүй идэж орхижээ.

Судлаач маань анх туршилтанд орсон хүүхдүүдээ 14 жилийн дараа насанд хүрсэн хойно нь  дахин судлаад маш тодорхой хэрнээ гайхалтай үр дүнг олж харсан байна. Энэ юу вэ? гэхээр идэлгүй хүлээсэн хүүхдүүд 100% их дээд сургуулийн шалгалтыг амжиллтай өгч, зорьсон мэргэжлээрээ сурч байгаа бөгөөд өөртөө итгэлтэй, анхаарал сайтай, илүү найдвэртай болох нь  ажиглагджээ. Түүнчлэн сүүлд хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь харагдсан байна.

Биеэ барих энэхүү чадварын ялгаа нь зөвхөн их дээд сургуульд орох шалгалтаар зогсохгүй нийгэмтэйгээ харьцах ур дүй, танин мэдэх чадвар, шийдвэр гаргалт зэрэгтэй шууд холбогдож байсан төдийгүй эм, хорт бодисийн хэрэглээтэй хүртэл холбоо уялдаатай нь ажиглагддаг байна. 

Б. Эрхжаргал

Бусдыг хэрхэн өөртөө татах вэ?

Хүн болгон л таныг гэх тийм нэг чухал хүн болохыг хүсч байна уу? Энэ нь нэг ёсондоо чадвар бөгөөд амжилтанд хүрэх түлхүүр болж өгдөг. Зарим хүний хувьд төрөлхийн сэтгэл татам зан чанартай бусдыг үргэлж байлдан дагуулж байдаг бол бид тийм занг өөрсдөө бий болгож болох юм. Түүний тулд хэрэг болох дараах бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

1.      Мэдрэмжээ ашигла. Бусдад нөлөөлөхийн тулд орчин болон харилцагчаа сайн мэдрэх хэрэгтэй. Дуугаа эргэн тойрондоо тохируулж аль болох аядуу зөөлөн байлга. Өөрийн мэдрэмжээ сайжруул. Шинэлэг зүйлсийг туршиж үз, өөрийнхөө уурлах, бухимдах, түгших, сандрах, эсвэл сэтгэл ханамж дүүрэн байгаа сэтгэл хөдлөлийг мэдэрч  дүгнэлт хий. Өөрийгөө ийнхүү мэдрэх удирдах зарчимыг өдөр бүр хэвшүүл. Сэтгэл хөдлөлөө хянаж сур.
2.      Тайван бай. Аливаа зүйлд тэвдэж сандрахгүй байхыг хичээ. Харилцан ярианд хариултаа дүгнэж байж хариулаарай. Өөрийнхөө бие махбодийг сайн мэдэрч биеэ дандаа хянан цэгнэ.
3.      Биеийн байдалдаа анхаар ялангуяа алхаа гишгээндээ. Өөртөө итгэлтэй бөгөөд тайван цэх алх.
4.      Нийтэч бай. Олны дунд хамт байх хугацаанд тэдгээр хүмүүс таны хувьд их чухал бөгөөд тэд нартай хамт байх танд маш тааламжтай байгааг бусдад мэдрүүл. Чин сэтгэлээсээ инээмсэглэ, толгойгоо дохь мөрөнд нь хүр, харцаар харилц. Олон хүний өмнө илтгэл тавьсан ч энгийн орчинд найзуудтайгаа баярлаж суусан ч ганцаар ярьдаг байхаас болгоомжилж заавал харилцан ярилцаж хүмүүсийн ярихыг сонсож байгаарай. 

5.      Өөрийнхөө сэтгэл хөдөлөө харамгүй гадагш гаргаж илэрхийл. Хэн нэгэнрүү инээмсэглэхэд тэр хүн хариу инээмсэглэж байвал та өөрийнөө сэтгэл хөдлөлийг тэр хүнд үүсгэж чадсаны илрэл болно. Аливаа хүний сэтгэлийг татаж нөлөө үзүүлэх чадвартай хүн гэдэг н өөрт буй ижил сэтгэл хөдлөлийг эргэн тойронд үүсгэх ур чадвартай хүнийг хэлнэ. Бусдыг өөдрөг байлгаж, инээлгэж байгаарай. 

www.goodcharacter.com                                                                                                                  Б.Ганзул

Хардалт гэж юу вэ?

 
Хардалт гэдэг бол яг үнэндээ бид бүгдийн мэдэрч үзсэн бидний төрөлхийн сэтгэл хөдлөл юм. Бид хардах үедээ айдас түгшүүр, уур хилэн, ганцаардал болон үзэн ядалтыг давхар мэдэрч байдаг бөгөөд энэ үед хэн ч эрүүл саруул сэтгэдэггүй. Гэхдээ энэхүү сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж ирвэл бидний харилцаа холбоонд ан цав суулгах эрсдэлтэй.
Хэрвээ хүүхэд бага насандаа гэр бүлээсээ хэт их хайр халамж амсаж өссөн, хүссэн зүйлээ авдаг эсвэл эсрэгээрээ гэр бүлийнхэн нь элэгсэг дотно бус, ямар нэгэн дарамт шахалт амсаж өсвөл хүүхэд том болоод хартай болох магадлал өндөр байдаг. Үүнээс гадна хүн амьдралдаа томоохон хууралт амссан бол мөн хартай болно.
Хардалтаа хүн өөрөө гүнзгийрүүлдэг. Тухайлбал эхнэр эсвэл нөхрөө гэм буруугүй байхад нь олон дахин хардаж уурлавал мэдээж хамтрагч тань өөрийгөө хамгаалж уурлана. Энэ явдал улам даамжирсаар таниас аливаа жижиг асуудлаа ч нуухад хүрнэ. Ингээд таны хардалт улам гүнзгийрэх болно.
Хардах сэтгэлийн хөдлөлд эмэгтэйчүүд эрчүүдээс  9 дахин илүү ширүүн болон эмзэг ханддаг ба энэ нь тэдгээрийн илүү уян сэтгэл,өндөр сэтгэлийн хөдлөлтэй нь холбоотой гэж тодорхойлогдсон байна.
Хардалтыг зөвхөн дурлалт хосуудын хооронд байдаг хэмээн ойлговол эндүүрэл болох юм. Хардалт нь дотроо ах эгчийн буюу гэр бүлийн, ажлын байрны, амраг хосын, нөхөрлөлийн гэх мэт хэлбэрүүдтэй байна. 

Хэрхэн хардах бодлоосоо салах вэ? 

1.       Өөртөө итгэлтэй бай. Хэрвээ таны хардалт өөрийгөө дутуу үнэлсэнээс болсон бол хамтрагчаа хардахаасаа урьтаад өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй бол. Үүний тулд эерэг зан чанар болон сөрөг зан чанараа тодорхойлоод сөрөг зан чанараа зас. Өөрийн хийхийг хүсдэг зүйлсдээ суралц\хөгжим тоглож сурах, усанд сэлэх, бүжиглэх гэх мэт\. Өдөр бүр баяр ёслолд явах гэж буй мэт өөртөө анхаарал тавь.
2.       Асуудлаа бусадтай хуваалц. Дээр дурдаж байсанчлан хүн хардах сэтгэл хөдлөлд автахаараа эрүүл ухаанаар сэтгэж чаддаггүй. Тэгэхээр өөр хэн нэгнээр шийдвэрлүүлэх нь магадгүй зөв шийдэлд хүрэхэд тань тусална.
3.       Бодитоор хар. Эргэлзээ төрүүлж байгаа, хардах шалтаг гаргаж буй зүйлсийг нэг бүрчлэн тунгаан бод. Мөн таньд үнэнч хандсан, таныг хайрлаж байсан, таны төлөө хийсэн зүйлсийг ч бас тунгаан бод. Одоо энэ хоёрыг харьцуулаад аль болох бодитоор хар. Утас, мэйл-г нь шалгахаа боль энэ нь таны хардах бодлоос болоод энгийн захидал хүртэл утга агуулгатай сангадах болно. Ингэх нь хамтрагчаа гомдоохоос цаашгүй. 

4.       Хардалт таныг зовоогоод байвал асуудлыг хайртдаа хэл. Өөрийн мэдрэмжээ дэлгэ. Гэхдээ хэрүүл маргаан болгож түүнийг шүүмжлэхээ урьтал болгож болохгүй. Харин ухаалгаар ярилцах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал хэн хэн нь сэтгэлээ зовоохгүй болно. 

5.       Зүгээр л хайрла. Хардаж цагаа үрэхийн оронд хайртай хүндээ сайхан зүйлсийг хийж өг, түүнийг баярлуул. Ингэж чадвал хэн нэгэн та хоёрын дундуур орсон байлаа ч хэн нэгэн хайртад чинь сээтэн хаясан та хоёрын дурлал бөх байгаа цагт хэзээ ч цуурахгүй. Хайрлана гэдэг өмчлөхийн нэр биш тул өөрсдийн хайрыг улам бадраахын тулд юу хийхээ л сайн бод.
  
Ашигласан материал: www.psychologytoday.com                                 
    www.mmas.mn
  
   Б.Ганзул