Бие хүний хөгжил

Хүн бүр давтагдашгүй өвөрмөц онцлогтой. Тэдгээр онцлог зан чанарууд нь тухайн хүний төрсөн цагаас эхлэн бий болж, мөн түүнийг төрөлтийн эрэмбэ, хүйсийн үүрэг гэх мэт хүчин зүйлс нөхцөлдүүлдэг ажээ.
Темперамент. Энэ нь хүний амьдралын эхний өдрөөс эхэлж бий болох орчин тойрондоо хариу үйлдэл үзүүлж буй арга болон өөр хоорондоо ялгаатай чиг хандлагуудыг хэлдэг. Alexander Thomas, Stella Chess (1986) нар идэвхийн түвшин, хэмнэлт, анхаарлын сарнилт, хандлага, дасан зохицох чадвар, хүч чадал, анхаарлын цар хүрээ, зан төлөвийн чанар, мэдрэмжийн хязгаар зэрэг эдгээрийг багтаасан темпераментийн зарим үндсэн категориудыг тодорхойлсон байна. Мөн Susan Gennaro ба түүний хамтрагчид (1990) нарын судалгааны үр дүнд хугацаанаасаа эрт төрсөн нярай нь цагтаа төрсөн нярайгаас илүү төвөгтэй (зан ааш) байсан бөгөөд энэ нь хүйс болон угсаа гарлаас үл хамааралтай байсан гэжээ. Гэвч хожим бий болох бие хүний хөгжилд эдгээр хандлагуудын үр нөлөө тодорхойгүй аж.
Эрт үеийн темперамент нь хожимын амьдралд нөлөөтэй гэсэн таамаглалыг дэвшүүлж болох баримтууд байдаг. Adam Matheny ба түүний хамтрагчид (1985) нярай хүүхдийн сэтгэл хөдлөлийн идэвхи нь 9 сарын турш тогтвортойгоор хадгалагдан үлдсэн гэдгийг нотолсон юм. Мөн бүрэг нялх хүүхэд цаашид амьдралынхаа турш бүрэг, ичимхий байх хандлагатай гэжээ. (Caspi, Elder, & Bem, 1988). Reid, Loeber, Patterson (1982) хэрүүлч, зүй бусаар харьцдаг хүүхдүүд эцэг эхээсээ илүү их хэрэгцээ, шаардлагыг хүсдэг. Жишээ нь хугацаанаасаа өмнө төрсөн, хоцрогдолтой, хэт хөдөлгөөнтэй хүүхдүүд зүй бус харьцаатай болох хандлагатай байдаг.
Төрөлтийн эрэмбэ. Бие хүний зан төлөв бүрэлдэхэд төрөлтийн эрэмбэ нь холбоо хамааралтай эсэхийг сэтгэл судлаач нар шалгаж үздэг. Ууган хүүхэд өндөр амжилтанд хүрэх хандлагатай бөгөөд отгон хүүхдээс илүү оюун ухааны чадамжтай байдаг. Falbo (1982) коллежид сурдаг айлын ууган, дунд, отгон мөн ганц хүүхдүүдийг судалжээ. Тэрээр айлын ууган хүүхэд отгон хүүхдээс илүү өрсөлдөгч, өөрийн үнэлэмж өндөртэй байсныг олж тогтоосон байна. Харин айлын ганц хүүхэд бусад ах эгчтэй хүүхдүүдээс илүү өөрийн БИ-гээ мэдэрсэн, удирдах мэдрэмж ихтэй байдаг (Mellor, 1990).
Мөн бусад судалгаанаас үзэхэд айлын ууган хүүхэд илүү хамтач, тусч байдаг гэжээ. Ялангуяа насанд хүрэгчдийн гэр бүлийн харилцаанд хүчтэй мэдрэгддэг. Айлын отгон хүүхэд илүү нөхөрсөг, нийгмийн идэвхтэй, гадагшаа чиглэсэн зан чанартай байх нь олноос ялгарч гарахад тус болдог.
Хүйсийн үүрэг. Бие хүний зан төлөв бий болгоход чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг бол хүйсийн үүрэг юм. Хүүхдийг эхээс мэндэлмэгц эрэгтэй, эмэгтэй гэж ангилдаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хүйсээр нь ялгаж харьцдаг. Охидууд уян зөөлөн, эелдэг тоглодог бол хөвгүүд илүү идэвхи хөдөлгөөнтэй тоглодог. Beverly Fagot (1985) Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан үйлийн тодорхой хэв маягийг дэмжих болон хориглох нарийн аргуудыг сайн мэддэггүй. Жишээ ямар нэг урамшуулал болон шийтгэлгүйгээр бий болж байгаа хөвгүүдийн хэт хөдөлгөөнтэй үйлдлийг дэмжин сайшаадаг байхад охидыг зэмлэдэг.
Нийгмийн шаардлага. Хүүхэд 1 нас 6 сар хүрэхэд нийгмийн шаардлагатай нүүр тулдаг. Тэд юу хийж болох, болохгүйг сурч эхэлдэг. Ямар нэг гэнэтийн объеоктод хүрч болохгүй, хоолоо цэвэрхэн идэхийн тулд хуруугаа биш сэрээгээр идэх, эцэг эхийн дэмжлэггүйгээр бие засах, тоглоомоо хураах гэх мэт нийгмийн шаардлагын улмаас аливаад суралцах ёстой болдог. Улмаар нийгмийн шаардлага нь бие хүний хожимын хөгжил, зан үйлд нөлөөлдөг ажээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

0 comments:

Post a Comment

 

Биднийг дагаарай

Google+ Followers