Психоаналитик онолууд

Зигмунд Фрейд хэмээх эрдэмтэн хамгийн анх бие хүний онолыг ухамсаргүйн нөлөө, зүүд, бэлгийн амьдрал, төрөлхийн зөн билэг зэрэг ойлголтуудыг системтэйгээр, сайтар тайлбарлан онол болгож чадсан юм. Тэрээр ухамсаргүйн оюун ухаан, бэлгийн сэдэл, түрэмгийллийн нөлөө хүмүүсийн зан үйлд хэрхэн нөлөөлдгийг судалж сэтгэл судлалын шинжлэх ухаанд цоо шинэ нээлт хийж байв.
Фрейдийн психоаналитик онол. Гол санаа нь бидний амьдралд өдөр тутам тохиодог сэтгэл хөдлөл нь зүүдэнд ухамсаргүйгээр илрэн харагддаг гэж үздэг. Зигмунд Фрейдийг психоаналитик онолын "эцэг" гэгддэг бөгөөд хүний зан үйлийн талаарх бие хүний онолуудаас эрс ялгаатай байсан юм. Мөн түүний үзэл санаа өнөөгийн үгийн баялаг болон өдөр тутамд хэрэглэгддэг шинжлэх ухааны нэр томъёо болж чаджээ.
Фрейд анагаах ухаанаар карьераа эхэлж байсан. Түүний өвчтөнүүд зүүд, бодол санаа, бусад харилцааны сэдвүүд, мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийн асуудал зэргийг ярих бүрт Фрейд ихэд анхааралтайгаар тэмдэглэн авдаг байв.
Тэрээр онолоо бага насны туршлага, ялангуяа бэлгийн амьдралын ач холбогдол дээр тулгуурлаж хөгжүүлсэн юм. Түүний үзсэнээр бага насны туршлагыг ухамсарт нь хүргэх туйлаас чухал хэдий ч тэдгээр туршлагуудын ихэнх хэсэг нь мартагдаж, дарагдан алга болдог гэдэг байв. Ийм учраас насанд хүрэгчдийн ихэнх зан үйлийн бодит учир шалтгааныг танин мэдэж чаддаггүй гэж Фрейд дүгнэн тайлбарлажээ.
Бие хүний бодол санаа нь мөсөн уулын оройн хэсэг буюу маш өчүүхэн гэж адилтгадаг. Энд бидний амьдралын өдөр тутмын мэдлэгүүд оршино. Ухамсарт оройн хэсгийн доор ухамсрын өмнөх түвшин буюу зайлшгүй мэдэх ёстой төрсөн өдөр, гэрийн хаяг гэх мэт мэдлэгүүд багтана. Өөрөөр хэлбэл ухамсрын өмнөх түвшиний мэдлэгийг ухамсарт оюун ухаан руу төвөггүй шахан оруулж болдог. Ухамсрын өмнөх түвшиний доор ухамсаргүйн түвшин байрлана. Ухамсаргүйн мэдээлэл маш нууцлагдмал, бидэнд мэдэгдэхгүй. Түүний үзсэнээр бидний айдас, тааламжгүй дурсамжууд ухасамргүйн оюун ухаанд дарагдан үлддэг гэжээ.
1940 онд хэвлэгдсэн түүний "Психоанализын хураангуйлал - Outline of Psychoanalysis" хэмээх бие хүний онолын номонд нь эго, суперэго, ид гэсэн чухал гурван ойлголтыг бичсэн байдаг. Ид бол төрөхөөс эхэлж бий болох бөгөөд хүний үндсэн зөн билэгт хүсэл, биологийн хэрэгцээг хэлнэ. Ид нь тааламжийн зарчимтай харилцан үйлчилж зөн билэгт ухамсаргүйн хүслийг эрэлхийлнэ.
Өөр нэгэн баримтлалыг либидо гэнэ. Либидо нь бие махбодын энерги, ид-ийн хүслийг агуулж байдаг. Ид нь үндсэн хоёр зөн билгийг агуулах бөгөөд амьдралын, нөгөөх нь үхлийн гэсэн хоёр төрөлд авч үздэг. Амьдралын зөн билэг нь ЭРОС буюу амьд үлдэх, бодгалийн хүсэлд үйчлилж байдаг. Секс бол амьдралын зөн билгийн нэгэн чухал илэрхийлэл бөгөөд хүний олон төрлийн бодол санаа, зан үйлийг сэдэлжүүлдэг. Фрейдийн үзсэнээр либидо нь маш том бэлгийн энерги бөгөөд ЭРОС-ийг сэдэлжүүлдэг гэж тайлбарладаг байв. ЭРОС нь бэлгийн шууд сэдлийг хязгаарладаггүчй харин ямар хамаагүй тааламж авч болохуйц идэвхийг татан оруулдаг. Үхлийн зөн билэг буюу ТАНАТОС нь түрэмгийлэл, устган сүйтгэхийг агуулдаг (Freud, 1940). Фрейд үхлийн зөн билгийн талаарх ойлголтыг бүрэн гүйцэт хөгжүүлээгүй харин амьдралын зөн билгийг тодорхой бичсэн.
Суперэго бол эцэг, эхээс олгосон хүмүүжил ба нийгмийн ёс суртхууны бүрдлүүд юм. Энэ нь Ид-ийн импулсийг хязгаарлаж, ёс суртхууныг бий болгох бөгөөд бодит байдлаас илүү идеаль шинжтэй байдаг. Үүнээс гадна "ичих нүүр" буюу үйлдлийн зөв, бурууг нь ялгах чадвартай болно.
Эго бол бодит байдалтай ухаалгаар нийцэж, ухамсарлан хүртэх бүрдэл хэсэг юм. Өөрөөр хэлбэл Ид ба Суперэгогийн хоорондыг зохицуулж шууд таашаалыг түр хойшлуулна гэсэн үг. Эго бодит зарчим дээр үйлчилдэг бөгөөд зөв төлөвшсөн бие хүний эго нь давамгайлах үүргийг гүйцэтгэдэг ажээ.
Юнгийн Аналитик сэтгэл судлал. Швейцарын сэтгэл судлаач Карл Юнгийн бие хүний онолыг аналитик сэтгэл судлал гэдэг. Тэрээр дарагдсан бодол санаа, дурсамжаас бүрддэг бодгалийн хувийн ухамсаргүйг хүлээн зөвшөөрөөд үүний дээр бүх хүн төрөлхтөн хамтын ухамсаргүйтэй гэсэн ойлголтыг нэмсэн юм. Бүх хүн төрөлхтний хэдэн зууны турш давтагдсан туршлагууд хамтын ухамсаргүйд хадгалагддаг.
Сэтгэц нь бодгалийн бодол санаа, мэдрэмжийг (ухамсартай ба ухамсаргүй) агуулдаг. Юнгийн үзсэнээр эго бол ухамсарт оюун ухаан буюу бодол санаа, дурсамж, сэтгэл хөдлөл, хүртэхүй зэрэгтэй холбоотой сэтгэцийн нэг хэсэг нь гэж сургадаг байв. Эго бол бидний эргэн тойронд буй ертөнцөд хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхийг чиглүүлдэг тул туйлаас чухал. Мөн тэрээр ЛИБИДО-гийн энерги гадагшаа чиглэж болохыг экстраверт, эсвэл дотогшоо чиглэж ч болох юм гээд үүнийгээ интроверт гэж нэрлэдэг байв. Интроверт хүн ичимхий, зожиг байх хандлагатай бол экстраверт хүн нөхөрсөг, нийгэм рүү чиглсэн байдаг. Хүн бүрт эдгээр хоёр хандлагын аль нэг нь давамгайлах бөгөөд тэдгээр нь эго-г удирддаг аж. Харин давамгайлах бус хандлага нь хувийн ухамсаргүйд үлдэнэ.
Мөн экстраверт, интровертээс гадна хүн дэлхий ертөнцтэй хэрхэн нийцэж байгааг бодол санаа, мэдрэмж, сэрэл, зөн билэг гэсэн сэтгэл зүйн дөрвөн үйл ажиллагаагаар тайлбарласан юм. Бодол санаа ба мэдрэмж нь хүн өөрийнхөө туршлагыг үнэлж дүгнэхэд хэрэглэгдэх ухаалаг үйл ажиллагаа юм. Бодол санаа бол аливаад шүүмжлэлтэй хандаж, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг бол мэдрэмж нь юу сайхан тааламжтай, тааламжгүй байна гэдгийг тодорхойлдог. Харин сэрэл ба зөн билэг нь үнэлэлт, дүгнэлтэнд ашиглагддаггүй тул ухамсарт үйл ажиллагаа биш юм. Сэрэл бол эрхтний сэрлийн өдөөгчөөр бий болох шууд туршлага. Зөн билэг нь гадаад өдөөгчөөс үүсэхгүй харин дотоод эх сурвалжаас бий болдог (Жишээ нь ирээдүйг урьдчилж мэдэх).
Юнг хоёр хандлагыг тодорхойлоод, тэдгээр нь дөрвөн үйл ажиллагаатай, үйл ажиллагаа нь нийтдээ найман сэтгэл зүйн төрлийг бий болгодог гэж үзсэн. Экстраверт бодол санаатай хүмүүс нь обьектив, хөөрүү шинжтэй байдаг бол экстраверт мэдрэмжтэй нь сэтгэл хөдлөл ихтэй, нийцтэй байдаг. Харин экстраверт сэрэлтэй хүмүүс нь шинэ туршлагыг таашаадаг, шинэ хүмүүстэй уулзах дуртай. Экстраверт зөн билэгт төрлийн хүмүүс бүтээлч, бусдыг сэдэлжүүлж чаддаг. Эсрэгээрээ интроверт бодол санаатай хүмүүс зожиг, итгэл үнэмшил дээр төвлөрдөг. Интроверт мэдрэмжтэй хүмүүс дуу цөөтэй, ичимхий байдаг бол интроверт сэрэлтэй хүмүүс мэдрэмтгий, ганцаардмал байдаг. Харин интроверт зөн билэгт хүмүүс этгээд ер бусын, ичимхий байдаг. Юнгийн тодорхойлсон сэтгэл зүйн төрлийн гол ойлголт дээр үндэслэж Майрс-Бриггсийн Хэв шинжийг Тодорхойлогч буюу MBTI хэмээх бие хүний тест зохиогдсон юм.
Адлерийн бодгаль сэтгэл судлал. Алфред Адлерийн бодгаль сэтгэл судлалын онол нь Фрейдийн онолоос хэд хэдэн суурь ойлголтоороо ялгагддаг. Адлерийн онол нь бодгаль хүн бүрт нууцлаг орших ер бусын зүйлд төвлөрдөг аж. Тэрээр ухамсаргүйн ач холбогдлыг төдий л авч үздэггүй байсан бөгөөд хүний бэлгийн амьдрал нь бие хүн болон бие хүний эмгэгийн суурь үндэс болдог гэдгийг үгүйсгэдэг байлаа. Мөн хүний дээд сэдэл нь хамгийн хүчирхэг байхад оршино гэж үзээд хүүхдүүд жижигхэн биетэй, насанд хүрэгчдээс хамааралтай байгаа нь тэдэнд өөрсдөд нь хүчирхэгийн байхын нөгөө тал буюу дутуугийн комплексийг үүсгэдэг гэжээ. Улмаар хүүхдүүд өөрийнхөө хийж чадахгүй зүйлтэйгээ тэмцэлдэж тэд өөрсдийн дутуу дулимаг байдлаа тэгшитгэх буюу давуу байдал руу зүтгэдэг байна. Зарим тохиолдолд тэгшитгэх зүтгэл нь хэтэрч, давуу байдлын комплекс хөгжсөнөөр тэд өөрсдийнхөө зан төлөв, ур чадвараа хэтрүүлдэг. А. Гитлер үүний нэг жишээ юм.
Бага насны туршлага насанд хүрэгчдийн зан чанар бий болоход бүхэлдээ хамаарна гэсэн Фрейдийн үзэл баримтлалыг үгүйсгэдэг байсан. Харин удамшил, орчны хүчин зүйлс зэрэг нь амьдралын хэв маяг буюу насанд хүрэгчдийн сэтгэх, үйлдэх арга барил хөгжихөд нөлөөлдөг гэж үздэг байв.
Адлер (1939) -ийн үзсэнээр хүн бүр амьдралынхаа асуудлыг шийдэхийн тулд хэн нэгнийг хайрлаж, ажил хийж, бусадтай харилцан үйлчлэх ёстой гэж сургасан.
Ерөнхийдөө бие хүний Адлерийн баримтлалаар бол хүн нийгмийн байх мөн чанартай ёстой гэдэг. Хүн бусдыг хайрлах, нийгэмд ашиг тустай үйл ажиллагаа хийх, бусадтай хамтрах зэрэг нийгмийн сонирхлоор сэдэлжих хэрэгтэй. Хүн хүчирхэг байхын тулд аминч үзэлгүй бусадтай хамтрах ёстой гэдэг нь бодгаль сэтгэл судлалын үндсэн зарчим билээ.
Хорнигийн соёл иргэншлийн сэтгэл судлал. Карен Хорни психоанализын эмчийн сургалтанд хамрагдаж байв. Тэрээр бусад хамтран зүтгэгч Юнг, Адлер нарын адил бие хүн бүрэлдэхэд биологи чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн Фрейдийн санааг эсэргүүцсэн юм. Үнэндээ эмэгтэйчүүд бэлэг эрхтэнгүй учраас эрэгтэйчүүдэд атаархдаг гэсэн Фрейдийн үзэл Хорнид таалагдаагүй хэрэг. Харин Хорнигийн үзлээр нийгэмд эрчүүд бие даасан байдалтай, амжилттай, бэлгийн амьдралын эрх чөлөөтэй, хүчтэй байгаад нь эмэгтэйчүүд атаархдаг гэжээ (Хорни, 1939).
Фрейдтэй санал нийлдэг зүйл бол эрт үеийн хүүхэд насны туршлага чухал гэдгийг хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бага насанд нийгмийн нөлөөлөл хүүхдэд төвөг учруулдаг гэдгээрээ ялгаатай. Бага насанд ханамж ба аюулгүй байдлын гэсэн хоёр хэрэгцээ үүсэх бөгөөд эдгээр хоёр хэрэгцээг хангаж чадахгүй бол суурь түгшүүр буюу сул дорой ба ганцаардлын мэдрэмж үүснэ. Улмаар сул дорой хүүхдийг томчууд үргэлж асрах шаардлагатай болох ч энэхүү хараат байдалдаа дургүйцэж, эцэг эхдээ өшөөрхдөг аж. Гэхдээ хүүхэд угаас томчуудын анхаарал халамжинд байдаг тул энэхүү өшөөрхөл манай нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй юм. Ингээд өшөөрхөл ухамсаргүйд дарагдаж суурь түгшүүрийг үүсгэх хүчин зүйл болдог.
Хүн өөрийгөө суурь түгшүүрээс хамгаалахын тулд бусдаас хайр, хүсэл, хүч чадлыг хүлээж авах хэрэгтэй. Эдгээр хичээл зүтгэл нь зарим талаараа амжилттай болж бие хүний нэгэн хэсгийг бүрдүүлдэг аж. Хорни хэд хэдэн невротик хэрэгцээнүүдийг тодорхойлсон бөгөөд суурь түгшүүрийг тойруу арга замаар шийдэхэд амжилт, хайр, дарлалаас ангижрах, төгс төгөлдөр байдал, хүч чадал, нэр алдар, бие даасан байдал зэрэг ордог байна. Хамгийн сүүлд Хорни арав гаруй невротик хэрэгцээнүүдийг тодорхойлж, тэдгээрийн гурав нь невротик хэв маяг буюу дасан зохицдог. Уян зөөлөн (Хүн рүү хандсан) бие хүн гэдэг нь хайрлах, бусдаас хэрэгцээтэй байх гэсэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй хүнийг хэлдэг. Түрэмгий (Хүнтэй сөргөөцөлдсөн) бие хүн нь ертөнцийг дайсагналын нүдээр хардаг. Ангид тусдаа бие хүн нь бусдаас зайгаа барих хэрэгцээтэй байдаг. Хорнигийн бие хүний онол Фрейдийн үзлээс илүү өөдрөг юм. Учир нь Фрейдийнх шиг биологийн хүчин зүйлсийг онцолдоггүй, нийгэмд анхаарлаа хандуулсан, бие хүн өөрчлөгдөн хувьсаж болно гэж үздэг ажээ.
Психоаналитик бие хүний онолууд сэтгэл судлалд чухал үүргийг гүйцэтгэсэн. Гол зарчим нь бага насны туршлага, танин мэдэхүйн дүрийг онцгойлон үздэг. Мөн психоаналитик нь сэтгэл заслын хамгийн анхны албан ёсны төрөл нь болж чадсан хэдий ч зарим талаараа чанд хатуу хязгаарлалттай (Liebert & Speigler, 1990). Психоаналитик хандлагын гол дутагдал нь бие хүний ухамсаргүйд анхаарлаа хандуулдаг боловч тэрхүү ухамсаргүйг туршин сорьж болдоггүй ажээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

 

Биднийг дагаарай

Google+ Followers